Wednesday, March 7, 2012

ХАНЬДАА

Алаг зүрхний минь хайрын эзэн
Амьдралын минь ухаант түшиг
Айл гэрийн минь халамжит ээж
Алаг нүдэн сайхан бүсгүй минь ээ

Хүсэл тачаалын минь тансаг орон
Хөврөх насны минь утга учир
Хувь тавилангийн минь амин холбоо
Хүний төрхт амьд бурхан минь ээ

Төрсөн өдрөөр чинь хамт байж чадаагүй ч баярын мэндийг зүрхнийхээ угаас дэвшүүлж,
бүх газарт чинь дахин дахин үнссэн гэж тооцоорой.


Вашингтон хот
2012.02.14
Гэгээн хайрын өдөр Бүрэн эхээр нь...

Tuesday, January 24, 2012

ТӨРСӨН ӨДӨР

Үхэх, төрөхийн завсар
Үнэн, худлын дунд
Гуниг, жаргалын солионд
Гучин ес насалжээ

Ээж минь амьд байсан бол нэг цэцэг бариад очихсон доо ...

Вашингтон хот, 2012.01.24 Бүрэн эхээр нь...

Friday, January 6, 2012

НЭГЭН ШИНЭ ОН

Нэгэн он солигдож
Нас нэгээр нэмэгдэв
Нөхөддөө ч мэнд дэвшүүлэлгүй
Нэгийг бодогдуулан өдийг хүрэв

Намайг мэдэх хүн бүрт шинэ оны мэндийг хоцроод ч атугай дэвшүүлье. Хүлээн авна уу.

Вашингтон хот, 2012.01.06 Бүрэн эхээр нь...

Monday, August 22, 2011

СОНГО

Тэвч, тэмц, амьдар
Тэгэж үл чадваас үх
Үр хүүхэд, үргэлжлэлээ бод
Үлгэн салган бүү алх

Вашингтон, 2011.08.22 Бүрэн эхээр нь...

Friday, July 29, 2011

НЭГЭН ЖИЛ

Нэрийг нь сонссон ч хөл тавьж байгаагүй
Нэгдсэн Улсад ирсээр нэгэн жил өнгөрчээ
Төрсөн нутгаа санан бэтгэрсэн хэдий ч
Төрдөө өргөсөн тангарагаа бодон тэвчжээ

Үүрээс үдэш хүрэхийн адил хурдан өнгөрсөн ч
Үзсэн харсан, сурсан бүтээсэн зүйл арвин байжээ
Эрүүл саруул, ухаантай, ухамсартай байж
Энэ албаа нэр төртэй залгуулж байгаад буцна даа ...

Вашингтон хот
2011.07.29 Бүрэн эхээр нь...

Wednesday, July 27, 2011

ГАЛУУ БИД ХОЁР

Гүүрэн дээр алхаж явна
Голоор нь биш захаар нь, мэдээж
Тэр голоор нь машин унаа явах учир
Тэнд алхвал хэрэг тарих биз ...

Хар галуу нисэж явна
Баруунаас зүүн тал руу
Хаашаа явахаа мэдэж байх шиг
Булхиагүй, нэгэн зүгт нисэж байна

Энэ нөхөр юунд зорин
Эрчтэйхэн нисэж явна вэ
Ингэхэд би ч гэсэн хаашаагаа
Ингэтлээ хөлрөн алхана вэ ...

Бодоод байх юу байх вэ
Бор ходоодоо тэжээх гэсэн хоёр л байна
Нэг нь загас, жараахай руу дэвэж
Нөгөө нь ажил руугаа тэмүүлж яваа нь энэ ...


Вашингтон хот, Арлингтон хотыг холбосон Key Bridge
2011.07.27
Бүрэн эхээр нь...

Thursday, July 7, 2011

УЙЛАМХАЙ

Би зүгээр л уйлчихдаг болсон
Би уйламхай болсон
Нас тэгширч яваа эр хүн
Над шиг уйлах муухай л байх

Жаргалтай газар хүн тогтдоггүй
Өвстэй газар мал тогтдоггүй гэдэг
Жаргалын орон гэмээр газар ирсээр
Өөрийгөө танихаа байтлаа бэтгэрлээ, би

Тэнэг гар вэ гэх хүн гарах биз
Тэнэг ээ би тэнэг
Тэрэн шиг үнэн юм байхгүй
Тэгээд л би уйлаад байгаа юм ...

Вашингтон хот
2011.07.07
Бүрэн эхээр нь...

АМЬД Л БАЙНА

Амьд уу гэвэл
Амьд л байна
Алив хэлээ гарга гэвэл
Айхгүй гаргаад үзүүлнэ

Надаас шүлэг нэхэх хүн
Нартад байна гэхээр сайхан ч
Бичээд сууя гэхээр
Бийр минь гологдох биз ээ, одоо

Огт бичихгүй байна уу гэж үү
Овоо их юм бичсээн
Хаана вэ гэж үү
Халуун зүрхэндээ ...

Вашингтон хот
2011.07.07
Бүрэн эхээр нь...

Wednesday, March 23, 2011

АГИА АХ

Ай ямар уйтай вэ
Агиа ах минь байхгүй болжээ
Сая л сонслоо
Сэтгэл хямраад хэцүү байна

Гэмгүйхэн инээмсэглэсэн царай нь
Гэн гэнэхэн орж ирээд
Эргээд хэзээ ч уулзахгүй гэхээр
Элэг зүрх эмтрэх юм даа

Ээжийн минь хайртай дүү
Энгийнээс энгийн нагац ах минь
Бурхны орон гэж байдаг бол
Баараггүй тэнд очсон байгаа ...

Вашингтон хот, 2011.03.24 Бүрэн эхээр нь...

Tuesday, January 25, 2011

ЭЭЖ МИНЬ ДЭЭ

Ээж минь зүүдэнд ирэв
Элдэв үг хэлэлгүй уйлах юм
Хацартаа үнсүүлээд
Хамаг байдгаараа бахиран уйлах юм, би бас ...

Гучин найман жилийн тэртээ төрүүлсэн хүүгээ
Ганц үнсээд авъя гэсэн юм болов уу, зайлуул ...

Вашингтон, 2011.01.24 Бүрэн эхээр нь...

Friday, December 31, 2010

МЭНД МЭДСҮЙ

Цаг тооллын нэгэн хэрчээс
Царайн дээрх нэгэн үрчлээс
Амьд яваа цагтаа санаж явна аа
Арван он чамайг ...

Дараагийн арван онд би байхгүй
Дараагийн хүн харин байна
Намайг байсныг тэд санахгүй
Надад тэр нь бас хамаагүй

Оны дараа он ирнэ
Одсоны дараа тэд ирнэ
Хамт байж бид чадахгүй
Хорвоо ийм л хатуу

Энэхэн цагт
Энэ шүлгийг уншиж буй бол
Та бид нэгэн цагийн хүмүүс
Танд ирж буй жилийн мэнд хүргэе, чин сэтгэлээсээ ...

2010.12.31 Вашингтон хот
Бүрэн эхээр нь...

Monday, November 1, 2010

УУЧЛААРАЙ

Зуу татах уу гэнэ
За яшиг доо гэчихлээ
Тамхи татах уу гэнэ
Татчихсоон гэчихлээ

Одоо тэгээд яах вэ гэнэ
Одоо юу, яваад л байна даа
Очих газар хол байна
Овоондоо л нэг зогсоно шүү гэв

Яасан муухай ааштай
Ямар хөгийн болоо вэ гэж байна
Би юу, би яасан юм
Бодлоо л хэлж байна гэчихлээ

Гомдож байна аа
Гомдоод бүр дуугүй болчихлоо
Эргэж хараад аргадах юм боллоо
Эргэж харж чадаагүй байтал сэрчихлээ ...

Нэг сайн найз маань
Намайг санахдаа зүүдэнд минь ирэхэд
Тоолгүй өнгөрөөчихлөө дөө, янз нь
Тоогүй юм боллоо доо, боллоо

Хэн байсныг нь ч анзааралгүй
Хэнхэглээд явсан байна, би
Зуу, янжуур надад санал болгоод
Загнуулж зүүдэлсэн хүн байна уу

Уучлаарай, найз аа гэх гэсийм ...

Вашингтон хот, 2010.11.01
Бүрэн эхээр нь...

БОДЛЫН ҮЗҮҮРТ

Бодлын үзүүрт нэгэн зүйл байна
Бодох тусам улам цаашлах мэт
Тоохгүй байхын аргагүй мөртөө
Тогтож надад баригдахгүй янзтай

Бодлын үзүүрт нэгэн зүйл байна
Бодох замд түмэн зүйл байна

Вашингтон хот, 2010.11.01 Бүрэн эхээр нь...

Friday, October 22, 2010

БОДОЛ

Зүрхний угт
Зүүдний эхэнд
Инээмсэглэсээр явах
Ижилгүй хүн байх

Амьд явах жаргал гэж
Аргагүй үнэн юм даа
Хүний хүсэл барагдах биш
Хүссээр л дуусна даа

Хар залуугаас эхэлтэй
Хайр чамайг би эс хүндэлбэл
Хорвоогийн шороо хөдөлгөсөн
Хувь тавилан минь гундах биз ээ

Вашингтон хот, 2010.10.22
Бүрэн эхээр нь...

Wednesday, October 20, 2010

ХҮСЭЛ

Газар хөлдөсхийгээд
Гахай өөхлөсхийгээд
Сайхан болж байгаа даа
Сэрүүн намраа эргэхийнсэн дээ

Олны хөлөөс дайжисхийгээд
Ойн гүн рүү оросхийгээд
Агаарын цэвэрт согтосхийгээд
Амьтны хөдөлгөөн анзаарсхийхсэн дээ

Санаа нийлсэн нөхөдтэйгээ
Сархад хундагалан тухласхийгээд
Янжуур нэгийг зуусхийгээд
Янз бүрийн юм хуучлахсан даа ...

Вашингтон хот, 2010.10.20 Бүрэн эхээр нь...