Wednesday, May 12, 2010

ХАВРЫН САЛХИ

Хаврын салхи аа гэж
Хацар майжих мэт "ширхэгтэй" аж

Улаанбаатар, 2010.05.13 Бүрэн эхээр нь...

Saturday, May 8, 2010

УЙЛАВ, БИ

Ямар зүйл мэдэрснээ санах атлаа
Яг юу гэж бичихээ мэдэхгүй байна
Хорин жилийн өмнө яг л ийм байдалтай
Хоёр нүдэндээ нулимстай алхаж байлаа ...

Юу болов гэж асуух хүн гарах биз
Юу болох вэ дээ, уулзалтад яваад ирлээ
Арван жил цуг төгссөн гурван анги уулзаж
А үсэг, ангийн багш, анги танхим гэж яваад ирлээ

Тэртэй хорин хаврын өмнө
Тал тал тийшээ таран одсон нөхөд
Хүчээр биш хүсэл сэтгэлийн дуудлагаар цуглан
Хүний амьдралын нэгэн хоногийг хамтдаа өнгөрөөв

Төсөөлж байсан би, сайхан болно гэж
Төлөвлөлцсөн юм, урилцсансан юм
Салахдаа харин уйлчихна гэж бодоогүй
Санаснаас минь бүр сайхан болчихлоо, энэ уулзалт

Хүүхэд насанд эргээд очсон мэт болж
Хүн хүнд баяртай гэхдээ уйтгарлаж байх юм
Гэрийн гадаа ирсэн хойноо ч тэр
Гэгэлзээд нэг л юманд хорогдоостой ...

Хорин жилийн өмнө яг л ийм байдалтай
Хоёр нүдэндээ нулимстай алхаж байлаа ...

1990 онд Налайхын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийн 10А, 10Б, 10В ангийг төгссөн сурагчдын 20 жилийн дараах "УЧРАЛЫН ХАВАР" уулзалтад оролцсоны дараа бичив.

Улаанбаатар, 2010.05.08
Бүрэн эхээр нь...

Tuesday, May 4, 2010

БИ

Талын цэцгэнд дуртай ч
Тасдаж авчраад гэртээ үнэрлэхгүй
Гандаж хатаад өнгөө алдахад нь
Голж түүнийг муулан ярихгүй

Улаанбаатар, 2010.05.05 Бүрэн эхээр нь...

Monday, May 3, 2010

АЙ, ХӨӨРХИЙ

Халуун зунаар шахуу
Ханиад хүрдэг яасан бүтэхгүй гар вэ
Эсэргүүцэл гэж нооль
Энэ тэр гээд хүн шүүмжилж суулаа, хөөрхий

Тэгсэн байдаггүй, байдаггүй
Тэр хүнээсээ долоон дор юм сууж байна
Нус, цэр, хахаа цацаатай
Нулимс, хорсолт, хөндүүр цээжтэй ... ай, хөөрхий гэж

Улаанбаатар, 2010.05.04 Бүрэн эхээр нь...

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА

Өөрийгөө хайрлана гэдэг
Өчүүхэн санаа мэт боловч
Хүн бүрийн хийх учиртай
Хамгийн чухал ажил энэ санж

Өөрийгөө хайрлана гэдэг
Өөрийг чинь хайрлах хүмүүст
Чиний өгөх хайр
Чиний барих бэлэг аж

Бусдыг хайрлана гэхээсээ
Бусдын төлөө өөрийгөө хайрла
Чи өөрийгөө хайрлахгүй бол
Чамайг мянга хайрлаад тус үгүй

Хайрлаж, гамнаж, анагааж яв
Хор бүхнээс хол явж чад
Чамд хэрэггүй мэт санагдах үе тааравч
Чамайг харан яваа бүхний төлөө өөрийгөө хайрла

Улаанбаатар, 2010.05.04
Бүрэн эхээр нь...

БИ АМТГҮЙ БОЛСОН

Архийг би биш
Архи намайг уудаг байсан
Архи одоо надаас гарсан
Архинд би амтгүй болсон

Улаанбаатар, 2010.05.04 Бүрэн эхээр нь...

Tuesday, April 13, 2010

НЭГ ОЙ

Миний муу блог нэг ой хүрчээ
Мөлхөж явсаар хөлд орох дөхжээ ...

Улаанбаатар, 2010.04.13 Бүрэн эхээр нь...

Monday, April 12, 2010

ААВЫН ҮГ

Арван хэдтэй байхад
Аавын минь дандаа зөв байлаа
Аавын үгийг дагахад
Алдана гэж байдаггүй байлаа

Айл толгойлох насанд
Аавд жаахан буруу өгдөг байлаа
Аавын үгэнд өө олж
Ах дүү шиг хэлэлцдэг байлаа

Аавыг ная гарсан үед
Аавын үгнээс авах юм үгүй байлаа
Айлгаж үглэхээс нь дайжин
Ар, урдуур нь явдаг байлаа

Аав үгүй болсноос хойш
Аавын үг сонсогдохоо байлаа
Алдаа оноотой ч гэлээ
Аавын үг хэрэгтэй байжээ

Ахмад хүнийг залуу хүн
Тэнэг гэж боддог
Ахмад хүн харин залуу хүнийг
Тэнэг гэж мэддэг гэдгийг

Аавгүй, аавын үггүй болсон үед
Амьдрал надад сануулж явна
Аавын үгийг бүгд дагавал
Алдах хүн энэ хорвоог гарахгүй биз

Аавын насанд хүрээд
Аавын үгийг хэлж суухад
Ай даа, намайг ч бас тоохгүй биз
Амьдрал үнэхээр тоглоомч юм ...

Улаанбаатар, 2010.04.13
Бүрэн эхээр нь...

ХАВАР ХААЧИВ ГЭНЭ ҮҮ

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар ... Д.Нацагдорж


Хавар хаачив
Хавар хаачив гэж асууж байна
Хавар хаачив л гэж дээ
Хавар хажууд чинь амьсгалж л байна

Хаврыг харин бид яаж угтав
Хаварт бид юу бэлтгэв
Хавар гэдэг сайхан улирал
Хаана залрах юм бэ гэж асууя

Ургах модыг нь цөөрүүлээд
Урсах голыг нь ширгээгээд
Хөндий талыг нь сэглээд
Хөрс шороог нь эргүүлээд

Уул овоог нь гомдоогоод
Усны шувуудыг нь өвчлүүлээд
Чулуу бүхнийг нь хөдөлгөчихөөр
Чи бидний мэддэг хавар хаана, яаж ирэх юм

Ирсэн байгаа урийг нь ч амтлалгүй
Илүү дутуу ярьж тэмцэл жагсаал гээд
Сэтгэлдээ ч хавар ирүүлж чадахгүй
Сүг шиг хүмүүс болж байна уу даа, бид

Улаанбаатар, 2010.04.13
Бүрэн эхээр нь...

ТАТГАЛЗЛАА

Сая, сая таван зууг
Санаанаасаа зохион амлаад
Өрөнд орсон "Эрхэм" гишүүдээ
Өмөөрмөөр ч юм шиг, чичмээр ч юм шиг

Дал, наяаар нь тараахад л
Дийлэхгүй төсөвтэйг мэдсээр байж
Нэхээд суугаа нөхдийг
Наачихмаар ч юм шиг, илчихмээр ч юм шиг

Би лав татгалзлаа
Бусад нь яахаа өөрсдөө мэдэг
Нийлүүлээд нэг юм барьчихъя
Нээрээ тийм мөнгө босвол шүү дээ ...

Улаанбаатар, 2010.04.13 Бүрэн эхээр нь...

ЗАХИАС

Ээлж ээлжээрээ урвахыг нь
Ээж хараагүй нь яамай
Хувь хувиа хичээсэн ч гэлээ
Хүн шиг явахыг л захья даа

Улаанбаатар, 2010.04.13 Бүрэн эхээр нь...

Friday, April 9, 2010

БИ

Хөдөөний барагтайхан айлд ч хэвтэр голдоггүй мөртөө
Хотын хээнцэр айлд харин хөл тавих зай олдоггүй

Ааш муутай нэгэнтэй үзэхдээ тэвчээр дутаадаггүй мөртөө
Аар саархан юмаар ч хүн гомдоочихвол эмзэг багадаадаггүй

Улаанбаатар, 2010.04.09 Бүрэн эхээр нь...

Tuesday, March 30, 2010

БАРУУН БАЙДЛАГ

Баруун Байдлагийн аманд
Түмэн мал хорогджээ
Баруун Байдлагийн аманд
Түмэн төл гарч байна

Баруун Байдлаг байрандаа л байна
Баруун Байдлаг малтайгаа л байна

2010.03.27 Бүрэн эхээр нь...

Monday, March 29, 2010

ХОМООЛ

Хомоол хэвтэж байна
Хаа сайгүй байдаг эд, уг нь
Бодолд оруулаад байхааргүй
Баас шүү дээ, адууны

Яагаад ч юм, жаал харж зогсов
Ямар бодол төрснөө бичих үү
Хөхө, хомоол хараад л юм бичдэг гэж
Хүн амьтан шоолох вий

Ажаад байхад удсан байртай хомоол байна
Айхтар их биш ч нэг жил лав болж
Хар биш хөх өнгөтэй болохоор нь
Хэлж тааж байгаа юм би ингэж

Тарж сүйд болоогүй байгааг үзвэл
Тэр хавиар хөл хөдөлгөөн бага
Адуу, гөрөөс л идээшилдэг
Алс бөглүү тагийн энгэр газар бололтой

Шинэ, хуучин хомоол, хорголыг
Шинэжиж би ингэж бурж байгаа юм
Үнэг, мануул, өмхий хүрэн ч
Үүрэндээ мэт зугаалдаг л биз

Саарал атаманыг энд дурсахгүй бол
Сарыг дэлхийгээс салгахтай ижил биз
Байсан байна, тэр нөхөр
Байх байхдаа бааж тухалсан байна

Адуу байгаа газар тэр байхгүй бол
Аз хийморио шалгаагүй бол
Боохойн хөвүүн тэр биш болох биз
Бодлын үзүүр тэгээд тасрах байсан биз

Эргээд хомоолдоо оръё
Эзэн нь хаана яваа бол гэж
Хаа нэгтээ унгас алдаад идэж яваа болов уу
Хатсан баасаа үлдээгээд тэнгэрт хальчихсан болов уу

Эд нь мөнх эзэн нь хэврэг гэдэг
Энэ хомоол юу сануулан энд хэвтэнэ вэ
Газраас ургаагүй, тэнгэрээс унаагүй ч
Газар дээр хэвтэж байх юм, зайлуул

Хомоолын эзэн чонын хоол болоод
Хомоолныхоо дэргэд чонын баас болон ханьсаа болов уу
Хэдэн сараар ингэж хэвтэх бол
Хэн ч мэдэхгүй, хэн ч анзаарахгүй дээ ...

Бөөрөн хэлбэртэй хар, хөх хомоолууд
Байгаль дэлхийн энэхэн суганд
Бөөн бөөнөөрөө хаягдсан харагдана
Бодвол зөндөө л бодол төрөхөөр юм байна ...

Төв аймаг, Баяндэлгэр сум, Нэвсээгийн ам
2010.03.27
Бүрэн эхээр нь...

ГАВЛЫН ЯС

Арваад жилийн өмнө
Айлын гадаа үнээ нь тугаллажээ
Хүүхэд, хөгшидгүй хөөрцөг болж
Хувин саваа бэлдэж харагдана

Хар халзан эр тугал
Хамраараа дуугарсан болно
Эхэсээ унжуулсан эх нь
Энд тэндээс нь долооно

Арайхийн босоод ирэхэд нь
Ардаас нь долоогоод унагана
Тэгэж тэгэж нэг дуусахад нь
Тэр тугал дөрвөн хөллөн босно

Тэнтэр тунтар алхалж байснаа
Тэнд эндгүй үсэрч үзнэ
Эргэлдсэн алаг нүд нь
Энэ орчлонг гайхаж байгаа гэмээр

Сүүнээс өөр ундгүй мэт явснаа
Сүү уухгүйгээр цадаж болдогийг мэднэ
Бяруу болсон цагтаа
Бөөсөг юунаасаа салж, тайган болоод

Ачаа тэргэнд орж дадаад
Арын албанд уйгагүй зүтгэнэ
Тарга хүч сайтай үедээ
Трактортай ч өөрийгөө зүйрлэн бодно

Сүргийн сүүл барин хээвнэг алхаж
Сүр бараа нэмэн захлан хэвтэнэ
Хэвж хэвтэх зуураа урт амьсгаа авах нь
Хаанаас ч сонсдож мэдэхээр дуутай мэт

Цаг явсаар нас нэмсээр
Цалин аваагүй ч тэтгэвэр бодож явтал
Намрын нэгэн өглөө сүргээс нь авч хоцров
Нарийн сураар ногтлон хөтлөж явав ...

Сүүгий нь ч ууна
Сүх ч далайна гэдгийг
Тэрэг чирч явахдаа ч
Тэр үхэр мэдээгүй явсан биз

Амьсгал агаарт царцам тэр өглөө
Айлын гадаа үхэр гаргажээ
Хүүхэд, хөгшидгүй хөөрцөг болж
Хувин саваа бэлдэж харагдана ...

Тэр намраас хойш
Тэр сайхан амьтан үзэгдэхээ байж
Гурван намар өнгөрчээ, зайлуул
Гурван жил шүү дээ

Данагар эвэртэй гавлын яс нь
Дарайтал хатаж цайраад
Хавар хаврын шар усанд
Ханатал нэг норон жалганд хэвтэх аж ...

Төв аймаг, Баяндэлгэр сум, Модон давааны өвөрт,
Үхрийн гавлын яс хараад төрсөн бодол
2010.03.27
Бүрэн эхээр нь...